Nikolai Konstantinovich Rerikh

Рюрихийн тухай мянгантаа бичсэн билээ. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд түүний Шамбалын хаан Рэгдэндагва зураг хадгалагдаж байдаг болохоор бид ч энэ сэдэв рүү байнга холбогдож байдаг юм. Мөн энэ сэдэв рүү мөнхийн холбогч хүн бол академич Ш.Бира гуай билээ. Оросын их соён гэгээрүүлэгч, уран зураач, нэрт монголч эрдэмтэн Н.К.Рерих Төв Азийн экспедицийн аяллаар Монголд ирээд 1926 оны есдүгээр сараас 1927 оны тавдугаар сар хүртэл Улаанбаатар хотноо ажиллаж, амьдарч байжээ. Судар бичгийн хүрээлэнгийн нарийн бичгийн дарга, эрдэмтэн Цэвээн Жамсранов түүнийг хүлээн авч тусалж байсан бөгөөд “Энэ үеийн гэгээн зул” хэмээн хүндэтгэн өргөмжилж байсан юм.

Н.Рерих манай оронд байх хугацаандаа Монголын тухай 107 уран зураг туурвисан гэдэг бөгөөд 1927 онд “Шамбалын хаан Рэгдэндагва” зургаа бүтээж, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржид бэлэглэжээ. “Монголын Засгийн газар зургийг тун их талархан хүлээн авав.Тэр цагт Монголын нийгэм бүхлээрээ Шамбалын домогт итгэж, Шамбалын хаан ирж байгаа гэдэг итгэдэг байсныг тэрбээр онцгой мэдэрч зургаа туурвисанд тухайд үедээ сайхан бэлэгдэл болсон утга агуулга байж, маш догдлол авчирсан байна.

Одоо дээр дурдсан бэлгийн зургийн тухай товч өгүүлье. 1958 оны үед Ю.Рерих Монголд зочилж байхдаа Эцэг Рюрихийн Монголд бэлэглэсэн зургийг хайж байсан тухай Ш.Бира дурсан ярьдаг. Рюрих Шамбалын домгийг ихэд сонирхон судалж байв. Зураач тэр цагт Монголд дэлгэрсэн Шамбалын домгийг сонсож, монголчуудын тэр домогт итгэж байсан итгэл найдварыг олж харж байв. Хүмүүний мөрөөдлийн орон Шамбалаас ирсэн номын сахиус Рэгдэндагва бол есөн зүйлийн дайсныг дарагч, шинэ эрин үеийг хамгаалагч, ирээдүйг төлөөлөгч буюу ирээдүй цагийн бурхан Майдартай эн чацуу агаад голдуу гурван мэлмийтэй догшин дүртэй бүтээгддэг бол зурагт Рэгдэндагва нь хоёр мэлмийтэй, амирлангуй дүртэй, хар хөх зүсмийн морьтой, жад барьсан байдлаар бүтээгдсэн цөөхөн номын сахиусын нэг юм.

Шамбалын орны эзэн Догшин Рэгдэндагва бурханыг Оросын их зураач Николай Константинович Рерихийн бүтээснээр Монголын Дүрслэх Урлагийн Музейд мөн адил хадгалж байгаа. Төв Азийг судлах эрдэм шинжилгээний аяллын \1925-1928\ явцад 1927 онд зурсан “Улаан хөлөгт баатар” буюу “Шамбалын хаан Рэгдэндагва” \165х125, темпера будаг, холст\ бүтээл нь бурханы домгоос сэдэвлэн зурсан, монгол зургийн арга барил санагдуулам сонирхолтой бүтээл билээ. Рерих уламжлалт монгол зургийн аргаар зургийн төв хэсэгт морьтон байрлуулж, “Шамбалын догшин хүрдэт хаан Рэгдэндагва” гэж түвдээр бичиж үлдээсэн байдаг.

Рерихын Рэгдэндагва гурван мэлмийтэй догшин сахиус дүртэй бөгөөд зүүн гартаа дайсны зүрх, баруун гартаа жадтай барьсан байдлаар зурагдсан.Энэ зургийн гол санаа нь түүний бичсэн захидал дахь “гэрэлт ирээдүй” гэсэн тодотголоор илрэх ба зурагт есөн эрдэнийн үнэт будаг хэрэглээгүй ч ерөнхийдөө улаан өнгө давамгайлж, мартан зураг мэт болжээ. Бурханы шашны номоор улаан өнгө аз жаргал, баяр баясгаланг бэлэгддэг. Түүний зурсан энэ зургийн бэлэгдэлд итгэдэг олон хүн Монголд байдагтай миний бие тааралдаж ярилцаж байсан билээ. Шамбалын эзэн ирж яваа гэж итгэлтэй хэлэх хүн одоо ч тааралддаг. Одоо манайд Шамбалын эрин ирсэн шүү гэхтэй ч тааралдаж байлаа.

Зургийн нэр “Их Улаанбаатар” хэмээн зарим хүмүүс нэрлэдэг . Нийслэл хотын нэр бас Улаанбаатар. Мөн Шамбалын хаан Рэгдэндагва гэсэн хоёр нэрээр хүмүүс мэддэг бөгөөд аль ч нэр нь хүмүүсийн оюун санаанд нэг л дүр бүтээдэг юм. Николай Рюрих улаан өнгийг зүгээр нэг сонгоогүй нь гэж тайлбарладаг юм. Уг бүтээлийн санааг Рюрих өгүүлэлдээ “Ринчин хэмээх монгол өвгөн элэгсэг дотно угтан мэндэлж байсныг би мартаагүй. Энэ буурал өвгөний хэлсэн гэрэл харанхуйг гийгүүлнэ. гэсэн цогтой үг гүн агуулгатай билээ... Рэгдэндагва хүлэг морио унаад давхиж явна. Шамбалын хааны 1927 онд үзсэн зүйлийг монголчууд мартахгүй. Түүнчлэн Молом багшийн зөгнөн хэлснээр “Нар ургах зүгээс бичигтэй цагаан чулуу олдоно. Сүхээр цавчихад чулуу хагарсан ч бичиг нь арилахгүй дахин тодорно” гэжээ. 1927 энэ зурагтай ижил сэдэвтэй “Рэгдэндагвын зарлиг” хэмээх зургаа бүтээжээ. Энд газар дэлхийн хэвлийгээс галын дундуур дүүлэн гарч, давхин нисч гал дөл бадруулан гарч ирэх Шамбалын хаан хуран цугласан хмүүүст тушаал зарлигаа буулгаж буйг түүний зарлигийг биелүүлэхээр явцгааж буй морьтнууд нь хүн төрөлхтөнд ач тусаа хүргэхээр яаран дүүлцгээж буйг, хундан улаан, улбар ягаан өнгөний уусалд бүхий тэнгэр уулсын дүрсүүд нь өнгөний хаан нь бодь биегүй, алтан шаргал өнгөөр гийн туяарах хий сүнсний дүрээр үүрд мөнхийн өглөө, өдөр, шөнийг төлөөлөх морьтон баатрууд үүлсийн дундаас төрөн гарсан романтик дүрээр дүрслэгджээ. /Аав хүү Рерих нар ба Монгол , 195 –р тал/

Мөн Улаанбаатарт байхдаа ”Буддын ёсны үндэс” ба “Сангха буюу обшина” хэмээх хоёр номыг орос хэлээр хэвлүүлсэн түүхтэй. Эцгийн тал нь эртний Оросын хаадын угсааг үндэслэгч Рюрихээс гаралтай эхнэр Е.Рерихийн эхийн тал нь Орост суурьшсан монгол хүний удам байсан болоод тэр үү Н.Рерих манай оронд тун элэгтэй нэгэн байсан тухай түүний хүү дорно дахины нэрт судлаач, монголч, түвдэч эрдэмтэн Ю.Н.Рерих өөрийн шавь Ш.Бирад дурсан ярьсан байдаг. “...Ард түмэн хэчнээн өөрчлөгдөн хувирлаа ч түүний үндсэн шинж үл арилна. Бусад ард түмэн ч ийм байдгийг бид ажигладаг. Нөхцөл байдал өөрчлөгдөнө, жаргал зовлон ч ээлжлэн солигдоно, харин ард түмний сүнс сүлд л хэвээр байна. Ард түмний сүлд хийморийг эртний дуунаас, үлгэр домгоос олж үзэж болох ба тэрхүү мөнхийн ой дуртгалаас та бүхэн тун сайн тодорхойлолтыг олж үзэх болно. Хэрвээ та бүхэн Монголын хаадын хуулийг мэддэг бол, хэрвээ энэ ард түмний баатарлаг туульсыг санаж байгаа бол тэр бүхэнд буурьтай, эрэлхэг, цагийн хувиралд ажирдаггүй тэвчээр хатуужлын үлгэр жишээ агуулагдаж байдгийг анзаарах байх. Хэрвээ өнгөрсөн цагийн тухай энэ бүх мэдэгдэхүүн тань орчин цагийн мэдээллийн урсгалд туугдан арилчихаагүй бол энх цагийн аж байдлаа цогцлуулан буй энэ ард түмэнд туслах хүсэл төрөхгүй гэж үү” хэмээн Н.Рерих 1935 онд бичиж байжээ.

Хувь заяаны учир ерөөлөөр судлаач Ю.Рерихийн шавь болсон академич Ш.Бира гуай мартагдаж гээгдсэн байшинг эрэн сурвалжилж “ олж нээсэн” нь Н.К.Рерихийн Улаанбаатарт байхдаа сууж байсан байлаа. / Энэ байшин зүүн дөрвөн зам орчим, Отгонтэнгэр сургуулийн ойролцоо байдаг. Зохиогч/ Устаж сүйрэхийн ирмэгт тулж, нураахаар төлөвлөж байсан байшинг “олсон” тэрбээр авран хамгаалахаар шийдэж, түүхийн дурсгалт газрыг хамгаалалтад авч, музей болгох хүслээ илэрхийлсэн захидлыг Засгийн газарт хандан илгээсэн ажээ. Буурал эрдэмтний буян нэр хүндийн ачаар түүний хүсэлтэд хүндэтгэлтэй хандаж түүхийн гэрч болсон уг байшинг Монголын Рерихийн нийгэмлэгийн эзэмшилд шилжүүлж, Бирагийн удирдлагаар сэргээн засварлах ажлыг хийж гүйцэтгэж, музей байгуулсан билээ.

Энэ зургийг бүтээснээс наяад жилийн дараа Монголын сэдвээр буюу Монголд байхдаа бүтээсэн зургийн үзэсгэлэнг Монголдоо авчрах бэлтгэл ажил ид өрнөж, Ш.Бира энэ ажлыг идэвхтэй удирдаж байгаа юм. Монголд Рюрих ба Бира гэдэг нэр хамт явдаг нь чухамхүү нэг шалтгааныг дээр дурдахыг эрмэлзэв. Н.К.Рерихийн сүрлэг байгалийн зураг, сүрлэг олон өнгийн уул, тэнд буй бэлэгдэл ер бусын сэтгэгдэл төрүүлдэг билээ.

У.Сарантуяа

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Н.К.Рюрихийн үзэсгэлэн мөд гарна. Энэ үзэсгэлэн Москва хотын Рерихийн төвөөс ирж байгаа юм.

SECURITY AT MUSEUMS

МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

татах | download

The Trainer’s Manual - Running a Museum: A Practical Handbook

татах | download

Running a Museum: A Practical Handbook

татах | download

ГАМШГИЙН ЭРСДЛИЙН МЕНЕЖМЕНТ БА МУЗЕЙ

DISASTER RISK MANAGEMENT FOR MUSEUMS

татах | download

DOCUMENTATION OF ARTEFACTS’ COLLECTIONS

ЦУГЛУУЛГЫН ЭД ЗҮЙЛСИЙН БАРИМТЖУУЛАЛТ

татах | download

CARE HANDLING OF MANUSCRIPTS

ГАР БИЧМЭЛҮҮДИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ НЬ

татах | download

ХАДГАЛЖ БУЙ ЦУГЛУУЛГАТАЙ ХАРЬЦАХ АЖИЛЛАГАА

татах | download