БИДНИЙ ТУХАЙ

Аль ч улс үндэстэн өөрийн түүх, соёл уламжлал, ёс заншил, авъяас ур ухааныг илэрхийлсэн гайхамшигт өв дурсгалуудыг туурвин үлдээдэг. Нэгэн цагт дэлхийн хэмжээний хүчирхэг төр улсыг байгуулж, дорно өрнийг холбосон шинэ соёл иргэшлийг бий болгосон Монголын ард түмэн балар эртнээс орчин цаг хүртэлх урт удаан хугацаанд дүрслэх урлагийн бүхий л төрлөөр давтагдашгүй уран сэтгэмж, өвөрмөц содон билэгдэл дүрслэл бүхий арвин дурсгалуудыг цогцлоон үлдээсэн нь үнэхээр бахархмаар билээ.

Нүүдэлчин амьдралын өвөрмөц онцлог, харь гүрнүүдийн халдлага дайралт,байгалийн гамшиг, соёлын өвийн хулгай дээрэм зэргээс болж, үе үеийн урчууд, авьяастан билэгтнүүдийн бүтээсэн олон үнэт дурсгал, алдагдсан, үрэгдсэн, устаж үгүй болсон хэдий ч, хойч үеийн үр сад болон дэлхийн олон үндэстнүүдийн өмнө дэлгэн үзүүлэхэд чамлахааргүй арвин их өв дурсгал, бидний үед хадгалагдан үлджээ. Тэр бүхний дээж, сор нь болсон 20,000 гаруй үнэт ховор үзмэр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй бөгөөд үзмэрийн танхимд дэлгэн тавьснаасаа хэд дахин олон тооны ховор нандин бүтээл манай сан хөмрөгт хадгалагдаж байгааг дурдахад таатай байдаг.

Тус музейг үүсгэн зохион байгуулах ажил 1965 оноос эхлэж, 1966 оны 7-р сарын 23-ны өдөр анхны үзэгчдээ угтан авч, үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Нүүдлийн соёл иргэншлийн олон мянган жилийн түүхэн дурсгалууд, монголын ард түмний үе үеийн урчуудын хосгүй үнэт бүтээлүүдийг дотоод, гадаадын үзэгчдэд дэлгэн харуулж сурталчилдаг манай музей анх 300 гаруй үзвэртэй үүд хаалгаа нээж байсан бол, өнөөдөр монголын дүрслэх урлаг, нүүдэлчдийн соёл иргэншлийг сурталчлах, судлах, хамгаалах чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулдаг, үндэсний хэмжээний мэргэжлийн байгууллага болон бэхжсэн байна. 1989 онд тус орчин үеийн бүтээлийн хэсэг нь Уран зургийн галерей нэртэйгээр бие даан тусгаарлаж гарсан билээ. 1995 онд Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 360 жилийн ойгоор тус музейг, монголын шашин, төр, нийгмийн зүтгэлтэн,уран барималч, хэл шинжлэлтэн, соён гэгээрүүлэгч энэ их хүний нэрэмжит байгууллага болгосон юм.

Эдүгээ манай музей өөрийн сан хөмрөг болон үзүүллэгтээ нэн эртний үеэс ( МЭӨ 40 000 –10 0000 жил ) 20-р зууны эхэн үеийг хамарсан 20000 шахам үзмэр цуглуулгатай бөгөөд он дарааллын болон сэдэвчилсэн байдлаар төрөлжсөн 10 гаруй танхимд нийт үзмэрийнхээ 10 орчим хувийг дэлгэн үзүүлж байна. Одоогоор улсын хэмжээнд, түүх соёлын хосгүй үнэт ангилалд багтсан 200 орчим дурсгал байдгийн 70 орчим нь манай музейд хадгалагдаж байдаг. МЭӨ 2000 жилийн үед хамаарах янгирын толгойн дүрст бариултай хүрэл цутгамал илд, буган чулуун хөшөө, хадны сүг зурагнаас эхлээд есөн эрдэнийн болон шороон будгаар өнгө хослуулан зурсан бурхадын хөрөг,торгон зээгт наамал зэрэг дахин давтагдашгүй бүтээл дурсгалыг манай танхимд үзэн сэтгэл баясах боломжтой. Ган төмөр болон үнэт ховор металыг ширээх, цувих, цоолборлох хөөх хэлбэх зэрэг монгол дархны урлах эрдмийн гайхамшгийг илтгэн харуулсан хэт хутга, гаанс сэтгүүр, эмээл хазаарын чимэглэл, домбо, завьяа, Ерэнтэй дарханы урласан ган сийлбэрт хэт хутга, мөнгөн цутгуур, сангийн бойпор зэрэг үе үеийн урчуудын үнэт ховор бүтээлүүд манай сан хөмрөгт бий.

Дээрхи бүтээлүүдээс Өндөр гэгээн Г.Занабазарын “Цагаан дара эх” болон бусад бурхдын баримал хөргийн талаар онцгойлон өгүүлвээс зохилтой.Халхын өндөр гэгээн Г.Занабазар, тухайн цаг үедээ урлахуйн өндөр түвшинд хүрээд байсан гэгддэг буддын бурхан шүтээн бүтээх дэг сургуулийг хэд хэдэн чиглэлээр шинэ түвшинд гарган төгөлдөржүүлж чадсан гэж судлаачид үзэж байна.Урлахуйн технологийн талаас авч үзвэл, Цагаан дар эх болон бусад хөрөг баримлыг ямар ч залгаасгүй цул хүрлээр хөндий цутгаж, алтаар шармалдан өнгөлж, титэм, ээмэг зүүлт, бугуйвч, шагайвч болон суурийн иж бүрэн чимэглэлийг хөөмөл, цоолбор, сийлбэрийн аргаар чимэглэн гоёж, ялангуяа нимгэн торгомсог хувцас, нөмрөг, сэлт,түүний материаллаг бодит байдлыг үлэмж нарийн хэмжээ хэмнэлтэйгээр тодруулан бүтээсэн байна. Зохиомж дүрслэлийн тухайд Энэтхэг, Балба, Түвдийн бурхан дүрслэлийн тогтсон хатуу дэгийг ягштал барьсан хүмүүн бусын ихэмсэг хөндий төрхтэй дүрслэлээс татгалзаж, энэрэнгүй энгүүн, бодит амьдлаг шинж байдлыг шингээн монголжуу зөөлөн дүр байдлыг цогцлоон бий болгож үүгээрээ Г.Занабазар гэгээнтэн Азийн Микеланжело гэж судлаачдын дунд алдаршин дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн билээ.

Монгол зургийн тухай тодруулан өгүүлэхэд, бидний өвөг дээдэс, Хүннү, Сианби,Тоба, Түрэгийн их гүрний үеэс эхлэн ярих хэрэгтэй болно. Хүннү гүрний үеийн ширмэл ширдэгний зургийн ур хийцийн талаар олон урлаг судлаач, түүхчид бахархан үнэлсэн байдаг.Түүхэн урт хугацааны явцад буддын шашин, бурханы зураг урлалын дэг жаяг, Энэтхэг, Төвд Нанхиадын соёл, монгол уран зурагт ямар нэг байдлаар нөлөөлсөн хэдий ч монгол хүн, монгол ахуй, ёс заншил, байгаль орчин монгол уран зургийн бүтээлийн өвөрмөц өнгө төрхийг бүрдүүлж иржээ.

Арван есдүгээр зууны сүүлч хорьдугаар зууны эхэн үеийн монгол зураачдын шилдэг бүтээлүүдийг зөвхөн манай музейн танхимаас сонирхон үзэж болно. Тухайлбал алдарт цагаан Жамбын “Жаргалын найман морь”, “Дугар зайсан” зэрэг өвөрмөц содон зургууд, шүтээн зургийн монгол сургуулийн том төлөөлөгчид болох хүрээний алдарт урлаач Тавхайборын “Зэнэмэдэрийн баг”, Наймдугаар богдын зээгт наамал хөрөг, мөн үеийн урлаач Хасгомботой хамтран бүтээсэн Дүншигийн 35 бурхан, Зургаан гарт махгал, Балданлхам, уран Сүрэнгийн “Нархажид” бурханы улаан хуваар урласан бичил сийлбэр ( 1см х 1.3- 3 см ), нэрт бурханч, лавчин Пунцаг-осорын алдарт Жамсран бурханы цамын шүрэн баг, Намсрай бурханы шуумал, шинэ цагийн дүрслэх урлагийг үндэслэгчдийн нэг Марзан хэмээх Шаравын “Монголын нэг өдөр”, “Үрс гаргалт”, “Лхас хот” зэрэг үзмэрүүд нь өргөн олон үзэгчид төдийгүй үзэгчид, судлаачид, оюутан суралцагсдын анхаарлыг татаж байдаг.

Тус музейн үйл ажиллагааны нэг гол чиглэл нь гадаад харилцаа, гадаад сурталчилгааны ажил байдаг. Бид Америк, Герман, Япон, Франц, Голланд, Белги, Испани зэрэг орнуудад үзэсгэлэн гаргаж, монгол орон, монголын үе үеийн урчуудын шилдэг бүтээл дурсгалуудыг сурталчилж ирлээ. Манай гадаад урлагийн сан хөмрөгт Энэтхэг, Хятад, Орос, Япон,Солонгос зэрэг орнуудын зураач урчуудын бүтээл хадгалагдаж байгаа болно.

Мөн нүүдэлчдийн соёл, уран бүтээлийн өвийг хадгалах, хамгаалах, сурталчилах чиглэлээр олон улсын байгууллага, гадаад орнуудтай хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

SECURITY AT MUSEUMS

МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

татах | download

The Trainer’s Manual - Running a Museum: A Practical Handbook

татах | download

Running a Museum: A Practical Handbook

татах | download

ГАМШГИЙН ЭРСДЛИЙН МЕНЕЖМЕНТ БА МУЗЕЙ

DISASTER RISK MANAGEMENT FOR MUSEUMS

татах | download

DOCUMENTATION OF ARTEFACTS’ COLLECTIONS

ЦУГЛУУЛГЫН ЭД ЗҮЙЛСИЙН БАРИМТЖУУЛАЛТ

татах | download

CARE HANDLING OF MANUSCRIPTS

ГАР БИЧМЭЛҮҮДИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ НЬ

татах | download

ХАДГАЛЖ БУЙ ЦУГЛУУЛГАТАЙ ХАРЬЦАХ АЖИЛЛАГАА

татах | download