ШИНЭ ОЛДВОР

2009 оны зун Монгол-Оросын эрдэмтэдийн судалгааны баг Төв аймгийн Заамар сумын нутгаас эртний нүүдэлчдийн язгууртны бунхныг нээн илрүүлжээ. Монгол Улсын Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, ОХУ-ын Буриадын Монгол, түвд, будда судлалын хүрээлэнгийн хамтарсан археологийн судалгааны ангийнхны илрүүлсэн энэ дурсгал нь одоогоос 1300 жилийн өмнө бүтээгдсэн гэж эрдэмтэн судлаачид үзэж байна. Энэ шинэ олдворын талаар Монгол Улсын Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Олон улсын төслийн зохицуулагч, доктор профессор А.Очиртой уулзаж ярилцлаа.

-Энэхүү нүүдэлчдийн бунхныг анх хэрхэн олж илрүүлсэн юм бэ?

-Судалгааны ангийн геологич, археологичид маань үргэлж л эрэл хайгуул хийж явдаг улс. Энэ ч утгаараа, 2003 онд хайгуул хийж үзэх явцдаа Төв аймгийн Заамар сум болон Булган аймгийн Баяннуур сумын зааг нутагт Туул голын хөвөөн дээр байгаа шороон овгорыг олж илрүүлсэн. Уг шороон овгор байгалийн зүй тогтлоор бус хүний гараар бүтээгдсэн болохыг нь мэдээд судалгааны ажлаа эхлүүлсэн л дээ. Өнгөрсөн хугацаанд Түвд, Зүүн хойд Хятад, Өмнөд Солонгос, Турпан зэрэг улсын нутагт иймэрхүү шороон овгор дурсгал олдож байсан талаар судалж, бунхныг нээхээр болсон нь энэ. Бунхан судалгааны арга зүйн дагуу хийсэн уг ажил 40 хоногийн турш үргэлжилсэн бөгөөд нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллалаа.

-Шороон овгороор халхалж, газрын гүнд байрлуулсан бунхныг нээхэд багагүй бэрхшээлтэй байсан байх?

-Тиймээ, гэхдээ бид шороон овгорыг эвдэж төнхөөгүй, хэн нэгний ухаж янзалсан үүдэвч буюу тусгай хонгилоор орсон юм. Газрын хөрсөн дээр 5,5 метр өндөр шороон овгороор дарж халхалсан ч, энэхүү бунхан газар дор зургаан метрийн гүнд байрласан юм билээ. Тухайлбал газрын хөрсийг зургаан метр гүнзгий хавж ухаад, уг нүхнийхээ мухарт 4,5x5,6 метр хэмжээтэй, 2,6 метр өндөр бунхан байгуулаад түүний дээр нь таван метр гаруй өндөр, 30 метр диаметртэй шороон овоолго үйлдэн, гадуур нь 110x96 метр тэгш өнцөгт хэлбэртэй шороон хэрэм барьж хамгаалсан байна. Уг бунханд ордог 25 метр урт үүдэвч буюу хонгилтой бөгөөд түүнийг шороогоор дарж битүүлэхдээ гаднаас нь харахад мэдэгдэхүйц байдлаар халхалж. Тиймээс судалгааны баг бунхны үүдэвчийг олж, дарсан шороог нь цэвэрлэж явсаар дотогш нэвтэрсэн хэрэг.

-Бунханд байсан дурсгал, бусад зүйлийн талаар сонирхуулаач?

-Модоор сийлбэрлэсэн, бас түүхий шавраар барьсан туг далбаа бүхий морьт цэргүүд, хүүхэлдэй, морь, тэмээ, үхэр, арслан, загас, алтан гургуул гэх мэт шувууд болон гахай, галбингаа буюу хүн цээжтэй шувуун бөгстэй амьтан, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн олон янзын дүрсийг тавьсан байна лээ. Эрэгтэй хүний дүрс бүхий хүүхэлдэйнүүд нь бүгд сахалтай байхаас гадна хувцастай, хувцасгүй гээд их олон янз. Нүүдэлчдийн баруун, зүүн гэсэн хоёр байдлыг уламжилсан хар хөх, цайвар өнгөтэй туг далбаа ч гарсан. Мөн торгон эдлэл нэлээд их харагдсан шүү. Бунхны голд 2,80 см урт, нэг метрийн өргөнтэй авс байрлуулж. Гал түлсэн шинжтэй, үнс нурам байхыг үзвэл шарилыг чандарласан болох нь илт. Дээрхи олон хүн, амьтны дүрсүүд нь талийгаачийн хойд насны амьдралын элбэг хангалуун, сайн сайхныг бэлгэдсэн утгатай, түүний сүнс сүлдэнд зориулсан хойллого буюу дагалдуулал юм.

-Нийтдээ хэчнээн олдвор байгааг төрөл зүйлээр нь ялгаж амжсан болов уу?

-Амжаагүй ээ. Он удаан жил хадгалагдсан учраас шавар эдлэл нь чийг авч муудсан байна лээ. Гар хүрэв үү, үгүй юу л бутарч унах гээд... Бусад зүйлс нь ч гэсэн, нэлээд эвдэрсэн шинжтэй. Тиймээс учир зүйг нь олж эвлүүлэх шаардлага гарсан хэрэг. Мэргэжлийн хүмүүс шингэн түрхэц хэрэглэн, бага сага зүйлийг сэргээн засварласан хэдий ч барих юмуу зөөвөрлөхөд чамгүй бэрхшээл тулгарсан. Арга буюу бүх олдворыг хайрцганд хийх юмуу гипсээр гэр хийж авчирлаа. Археологичид бунхныг нээх үед манай Соёлын өвийн төвийн сэргээн засварлагч, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал, зураач, сан хөмрөгчид газар дээр нь очиж олдворуудад анхны сэргээн засварлалт бэхжүүлэлт хийж, зарим шаардлагатай дурсгалыг зурах зэргээр мэргэжлийн туслалцаа үзүүлсэн. Ингэснээр уг ховор нандин дурсгалуудыг цаашид хадгалж, хамгаалан үлдэхэд зохих ач холбогдолтой чухал ажил боллоо гэж үзэж байна.

-Хэмжээний хувьд, ямархуу юм бэ?

-Өө, янз бүр. Ихэнх нь 15-20 см орчим хэмжээтэй. Түүнээс том ч бий, бас жижигхэн олдвор ч байгаа шүү.

-Талийгаач хэдий үед амьдарч байсан, ямар хүн болохыг нь олж тогтоосон уу?

-Мэдээж хэрэг. Миний үзэж байгаагаар, Заамараас олдсон энэхүү дурсгал нь эрт цагт Монгол нутагт оршин тогтнож байсан Түрэг угсааны Пугу аймгийн ерөнхий захирагч болох Хутаг цолтой хүнийх. 75x75 см хэмжээтэй тэг дөрвөлжин хэлбэрийн тэгшилж зассан хоёр хөх чулуунд талийгаачийн намтар, тэр үеийн үйл хэргийг бңчээд бунхны тоосгон хаалганы ойролцоо давхарлаж тавьсан нь олдсон юм. Түүн дээр талийгаачийн төрсөн он cap өдөр, байгуулсан гавьяа, цэрэг байлдааны үйл хэрэг, аль нутагт амьдарч байсан тухай болон юуны учир ийнхүү чулуун дээр намтрыг нь бичиж үлдээх болсон талаар дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Харин түвд ханз үсгээр галиглан бичсэнээс үзвэл, талийгаач Түвд, Хятадын зүүн хойд хэсэг, Турпаныг эзлэн авсан И Е Шоу хэмээх баруун гарын нэрт жанжин байсан болов уу. Энэ бүх баримтаас бунхны эзнийг ямар хүн болохыг олж тогтооход хялбар байлаа. Их захирагчийн өвөг эцэг нь ч мөн адил алдартай цэргийн жанжин явж.

-Хятад хүн юмуу?

-Үгүй ээ, И Е Шоу гэдэг нь уг ноёны алдар цол хэмээн үзэж байгаа. Тухайн үед Пугу 30 мянга орчим өрх айлаас бүрдсэн, 10 мянган шилдэг морин цэрэг гаргах чадвартай хүчирхэг аймаг байсан. Тиймээс бунхны эзэн алтан бүс, алтан эмээл хэрэглэх эрх бүхий язгууртан бөгөөд нэгэн тойргийн захирагч тутук ( бүгд захирагч) цолтой, цэрэг-захиргааны өндөр албан тушаалтан гэсэн үг. Ямар ч байсан, хятад бас бичгийн хүн биш. Нас барахдаа 44 настай байсан гэдэг нь ч тогтоогдсон.

-Урьд нь ийм дурсгалт бунхан олдож байсан уу?

-Зарим нэг зүйлээрээ төстэй боловч яг үүн шиг олон төрлийн олдвортой дурсгалт бунхан ер олдоогүй. Түрэгийн хаант улсын үед холбогдох ийм олон хүн, амьтны дүрс баримал бүхий, бас бичээст пайлууртай иж бүрэн бунхан Монгол болон Орост ч олдож байгаагүй юм. Ялангуяа ийм их бичээстэй дурсгалыг археологичид ойрын үед олоогүй шүү. Заамараас олсон энэхүү бунхан эртний нүүдэлчдийн археологийн шинэхэн дурсгал хэмээн судлаачид үнэлж байна. ҮII зууны үед одоогийн Монгол Улсын нутагт оршин тогтнож агсан Түрэг болон Монгол угсааны олон аймгийн түүх соёл, мөн тэдний Хятадтай харилцаж байсан ерөнхий байдлыг цаашид гүнзгийрүүлэн судлахад олон мэдээ мэдээллийг өгч чадахуйц үнэ цэнэтэй эх сурвалжийг манай хоёр улсын хамтарсан судалгааны анги илрүүлж чадлаа. Өдгөө дэлхийн 40 гаруй судалгааны төв нүүдэлчдийн соёл иргэншлийг судалж байгаа. Харин манай Нүүдэлчдийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн 19 орны 140 гаруй эрдэмтэдтэй хамтарч ажилладаг.

-Уучлаарай, өмнө нь иймэрхүү түүхийн дурсгалт олдворуудыг гадаад руу гаргаж байсан гэдэг нь нууц биш. Энэхүү түүх соёлын дурсгалыг хэрхэн хадгалж хамгаалах гэж байгаа бол?

-Үгүй дээ. Бид дурсгалт олдворуудаа албан ёсны бүртгэлд хамруулж, үнэлгээ хийлгэнэ. Харин сэргээн завсарлах ажил дууссаны дараа энэхүү дурсгалаар үзэсгэлэн гаргаж ч болох шүү дээ. Заамарын олдворууд одоо Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт бүртгэгдэн тус музейн үзүүллэгийн танхимд олон нийтэд дэлгэн үзүүлж байгаа.

-Та энэхүү судалгааны багийг ахалж явсан уу?

-Тиймээ, миний удирдсан судалгааны анги. Би эрдэм шинжилгээний ажил хийгээд 37 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд Хөх Түрэгийн Билгэ хааны онгон, эртний Уйгурын язгууртны бунхант булшийг малтан судалж байсан юм.

SECURITY AT MUSEUMS

МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

татах | download

The Trainer’s Manual - Running a Museum: A Practical Handbook

татах | download

Running a Museum: A Practical Handbook

татах | download

ГАМШГИЙН ЭРСДЛИЙН МЕНЕЖМЕНТ БА МУЗЕЙ

DISASTER RISK MANAGEMENT FOR MUSEUMS

татах | download

DOCUMENTATION OF ARTEFACTS’ COLLECTIONS

ЦУГЛУУЛГЫН ЭД ЗҮЙЛСИЙН БАРИМТЖУУЛАЛТ

татах | download

CARE HANDLING OF MANUSCRIPTS

ГАР БИЧМЭЛҮҮДИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ НЬ

татах | download

ХАДГАЛЖ БУЙ ЦУГЛУУЛГАТАЙ ХАРЬЦАХ АЖИЛЛАГАА

татах | download