БАЛДАНЛХАМ БУЮУ ЦОГТ ОХИН ТЭНГЭР

БАЛДАНЛХАМ БУЮУ ЦОГТ ОХИН ТЭНГЭР 

Эрт дээр үеэс монголчууд бид эх дэлхийтэйгээ харилцан, байгалийн өнгө аясыг даган нүүдлэн,  мал аж ахуй эрхлэж, түүнийхээ үр шимээр амьдарч ирэхдээ өөрийн онцлогтоо тохирсон олон янзын баярт өдрүүдийг тэмдэглэдэг. 

Үүний нэг нь удахгүй зон олноороо өргөн тэмдэглэх гэж буй “Цагаан сар” хэмээх баяр билээ. Эрт цагт элбэг дэлбэг, өнгөтөй өөдрөг сайн сайхан бүхнийг билэгшээн муу муухай зүйлсийг эцэс төгсгөл болгон цээрлэж, мал тарган цагаан идээ элбэг дэлбэг болох намар цагт “Цагаан идээний баяр” гэж тэмдэглэдэг байжээ. Харин 1206 онд Чингис Хаан “Их Монгол Улс”-ыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Үүнээс хойш цагийн аясыг даган жилийн өнгийг монгол зурлагаар, од гаригсын байршил, сарны тооллоор тоолон одоогийн бидний мөрдөж буй тооллолоор хаврын эхэн сарын шинийн 1-нээс эхлэн тэмдэглэдэг болсон уламжлалтай.  

“Цагаан сар” баярын шинийн нэгний өглөө гэрийн тэргүүн нар ургах үед байгаль дэлхийдээ идээ будааныхаа дээжийг өргөж ирж буй жилээ нарандаа даатгаж, өрхийн гишүүн бүр өөр өөрийн нас хүйсээс хамаараад зурхайд заасны дагуу мөрөө гаргах гэдэг зан үйлийг үйлдэнэ. Мөрөө гаргасны дараагаар багштайгаа, аав ээж, өндөр настан гэхчилэн эрэмбэ дараатай золгоно. Золгохдоо эхнэр нөхөр хоёр золгож болохгүй. Бас жирэмсэн эмэгтэйчүүд хоорондоо золгохгүй. Золгосныхоо дараагаар ойр дотны хамгийн хүндтэй хүмүүсийнхээ гэрт очиж золгоно. Цагаан сарын гол идээ бүхлээр нь чанасан хонины ууц, бууз, цагаалга болно. Хүүхэд багачууд ёс заншлаа сахиж, морин хуур эгшиглүүлж гэрийн жавар үргээх, битvv гарах, ууц таллах, баярын үед цээрлэх ёс, золгох үед харилцан хэлэх билгийн vгийн ёс  зэрэг дагаж мөрддөг олон заншил бий.

Уламжлан ирсэн энэхүү баярт Буддын шашны зан үйл нилээн их холбогдож ирсэн байдаг. Жишээ нь гэхэд шинийн 8, 15, 30-нд буян хурж мєргєл vйлддэг. Шинийн найманд эрүүл мэндийн бурхан Манал заларч хувь хvний vйлдсэн буян нь 1000 болж арвижиж, євчин зовлонгоос салах учиртай. Шинийн арван таванд нас буян хайрлагч Цэндаюуш бурхан заларч хувь хvний хийсэн буян сая болон vржиж хулгай, ус, гал, махчин болон аймшигт амьтан, арслан, заан, луу гэсэн найман аюулаас хамгаалдаг. Сар шинийн ємнєх битvvнд Бурхан Буддагийн шавь 16-н Найдан бурхад залардаг хэмээн шүтэн биширч ирсэн.

Энэ удаа internet-ийн зочин таньд зориулан, “Оюун билгийн бурхан Манзушрийг сахин хамгаалагч, өвчин зэтгэр, хорон муу санааг даран устгах, муу зүйлийг арилгах, сайн сайхан бүхнийг номын ёсоор бүтээн, ад шулмас, ган зудны гамшиг, хүн малын элдэв өвчин, цаг бусын үхэл, хар цагаан хэл ам, хараал, дайн дажин зэргийг даран номхотгох билэгдэлтэй” Балданлхам бурханы тухай өгүүлье юү.

Орчин цагт Santa Claus-ийн тухай мэдэхгүй хүн байхгүй биз. Тэрээр шинэ он гарахын шөнө дөлөөр айлын байшингийн яндангаар дамжин хүүхэд бүрт хүслийн бэлэг тараадаг домогт олон ч багачууд итгэдэг.

Үүнтэй нэгэн адил жил бүрийн сүүл сарын адаг битүүнд бар цагаар сvм хийдvvдэд сvсэгтэн олон тvмэн болон зургаан зүйлийн түмэнд амьтанд зориулан, урьдаар Балданлхамыг урин тахиж, дараа нь мам шулмыг устгах гvрэм хийж, ном айлдан, мандал өргөн, “Цэдэр” хэмээх ном хурдаг байна.

Эл бурхантай холбоотой олон  домог байдгаас заримыг нь танин мэдэхүйн үүднээс зочин таньд өргөн барьж байна.

Балданлхам бурханы үүсэл гарвал: Амь бүхний эзэн Лхам сахиус нь хүч чадлын бэлгэдэл очир эрдэнийн сэрээг барин, хорвоогийн амьд бүхнийг тэтгэж, өвчин зовлонгоос ангижруулан, үр удмаа үлдээж, урт насалж, удаан жаргахыг бэлгэдсэн товуу дүрт сахиус ажээ.

Лхам бурхан нь анх эртний Жагарын орноо хүмүүний сэтгэлд гүн бишрэлийн үүднээс зохиогдсон  гэдэг бөгөөд Балданлхам бурханы тухай олон домог үлгэр байдгаас зочин танд сонирхолтой байх хэмээн өгүүлбээс:

Энэтхэгийн Хиндү шашинтны алдарт туульс болох “Махаапарата ба Рамааяана”-д шарын шашны зарим бурхан, сахиусууд баатарлаг гавъяа байгуулан, бурханы дүрийг олсон тухай гардаг. Тухайлбал: Ганеш бурханы ээж үзэсгэлэнт дагина, тэрсүүтнийг дарахын тулд ихэд уурлан Балданлхам болж, хувирсан тухай нэгэн хувилбар бий.

Мөн нэгэн хувилбар: Эрт цагт Энэтхэгийн өмнө зүгт эрлэгийн Дончир хэмээх газар эрлэгийн ноён Сайн хаан, амнаасаа гал бадруулагч эм шулам хоёрын дундаас нэгэн охин төрсөн нь ирээдүйн Лхам бурхан байжээ. Лхамын хоёр эгчийг лус, тэнгэр хоёр булаагаад явчихаж. Их удалгүй Лхам хоёр эгчийгээ булааж ирэхээр сэдэж ээжээсээ өвчний тулам, цаазлах мод авч тэнгэр, лус хоёртой тэмцэлдсэнээр эгч нараа булааж иржээ.

Мөн нэгэн хувилбар: Лхам нь Энэтхэгийн урд орших Шриланкаас гаралтай хааны хатан байсан үеэс л бурхан шашныг хамгаалах үйлсээ эхэлж, уг хаан нь шашин номын эсрэг үйл хийдэг тул хайрт хүүгийнхээ арьсыг амьдаар нь өвчин, гавлаас нь цусыг нь ууж, махыг нь идэж, догшин ламын дүрд хувилсан гэж үздэг. Хүүгийнхээ арьсыг эмээлийн дор гөлөмний оронд дэвсэн, ертөнцийг хоромхон зуур эргэж чаддаг юунд ч гүйцэгдэггүй луусаа хөлөглөн унаж, умард зүгийг зорьсон байна. Хаан нум сумаа аван, араас нь давхиж, сум тавьсан боловч луусын хондлойг онов гэнэ. Лхам сумыг сугалан авсанаар луусын шарх хорин дөрвөн улс орныг нэгэн зэрэг харж чадах мэлмий болон хувирч, шашны эсрэг хэн бүхнийг би устгах болно хэмээн тангараг тавьсан гэдэг домгуудтой ажээ.

Балданлхамын билэгдэлийн хэрэгслэлүүд: Балданлхамыг шашныг хамгаалагч сахиус болон хувирахад олон сахиус бурхад билэгдэл бүхий зүйлсүүдийг өргөн барьсан гэж домогт өгүүлсэн байдаг. Үүнд: Дамдинчойжоо салхины хүрдээр хар салхины хуйг үйлдэн өгч, Эсүрва тэнгэр тогосны өд өргөсөн нь гараг сааны аюулаас хамгаалахыг билгэдсэн. Тогос өдөт шүхрийг “Хаан хүчтэний тэмдэг” хэмээн билгэдэн, тэргүүн дээрээ залжээ. Ээж Гараа-Дүнжингэс нь хонгор халзан луус өгчээ. Вишнүү тэнгэр (Хиндү шашны тэнгэр бурхан) түүнд нар сарыг бэлэглэсэн ажээ. Монголчууд “саран эцэг, наран эх” гэж бэлгэддэг. Энэ утгаар сарыг тэргүүн дээрээ, нарыг хүйсэн дээр нь залсан. Албин Дорждагвын өргөсөн мэргэ төлгийн хар цагаан чулууг эмээлийнхээ урд бүүрэгт ганзагласан байдаг.  Ихэнх тохиолдолд хоёр, зарим нэг дүрслэлд гурван шоотойгоор дүрсэлсэн байдаг.

Вэшэрвээ Намсрайн арсланг өргөснийг баруун сонортоо, Лусын хаан Гавуугийн өргөсөн хорт могойг зүүн сонортоо чимэг болгосон төдийгүй, хорт могойгоор хөлөглөсөн луусныхаа хазаар, хударга, олом бүгдийг могойгоор хийж, барын нойтон арьсан хормогчоо хос могойгоор бүсэлсэн байна. Үхсэн мангас Буннагийн арьсаар өвчний тулам хийж, дайсандаа илгээх өвчин эмгэгээр дүүргэж, урд бүүрэгтээ ганзагласан агаад дайсныг дарах үедээ түүнийгээ тавьдаг аж. Тиймээс цагаан сарын битүүний шөнө сүм хийдүүдэд сүсэгтэн олны өвчин зовлон, гай барцадыг арилгахын тулд урьдаар  сахиусыг тахиж, дараа нь мам шуламсыг устгах гүрэм хийж, Лхамын ном “Цэдэр”-ийг хурдаг байна.

Мангас Ягша Гороогийн өргөсөн нойтон толгой бүхий хүний арьсыг луусын нэмнээ болгожээ. Очирваань бурхан Лхам сахиуст билиг тэмдэгийн зүйл улаан мод өргөснийг бэл дороо хийн, зарц эм хар тааран хувцсаа тайлан өргөсөн гэх ба энэ нь хоёр мөрөн дээр нь дэрийж байдаг гэнэ. Шулмас эм Бамаадуу “мэсийн түүдэг” өргөснийг могойгоор оосорлон хойд бүүрэгтээ ганзагласан зэрэг олон домог  байдаг.

Дээрх өргөсөн эд зүйлээс гадна Охин тэнгэр нь эрдэнийн найман гоёл чимгээр лагшингаа чимсэн. Тэргүүндээ язгуурын таван чанарт хохимой толгойн титэм зүүж, хүзүүнд нь гурван давхар зүүсгэл зүүсний нэг нь цус савирсан хүний тавин нойтон толгойгоор хийсэн хатуу эрхитэй, мутар, тохой, өлмийдөө гоёмсог эрдэнийн зүүлт чимэгтэй.

Балданлхам бурханы унаа: Балданлхам бурхан “Хөх бух”, Чойжоо “Шарга луус” хөлөглөдөг байсан нэгэн цагаар хоёр бурхан уулзалдаж гэнэ. Уулзах үеэр Балданлхам бурхан, Чойжоо бурханаас чиний унаж яваа унаа ямар ид шидтэй юм бэ гэж асуухад Чойжоо:

-       Миний бух “Ум” гэхэд тэнгэрт гарч, “Хум” гэхэд газарт буудаг гэжээ. Балданлхам хариуд нь:

-       Миний бух “Ум” гэхэд тэнгэрт гарч, “Хум” гэхэд газарт бууж, бүсэнд минь байгаа алхаараа толгой руу нь тоншиход замбуулин хорвоог тойрдог юм даа. Тэгэхээр чиний лууснаас нэг ид шидээр илүү юм байна. Хоёулаа унаагаа солих уу гэхэд Чойжоо бурхан зөвшөөрч, хоёул унасан хүлгүүдээ солилцож гэнэ.

Балданлхам бурхан шарга луус унан, “Ум” гээд ороолгоод орхисонд тэнгэр өөд таван өнгийн солонго татуулан нисэн одож гэнэ.

Харин Чойжоо бурхан бухыг унаад “Ум” гэсэн чинь тэнгэрт хөөрсөнгүй, “Хум” ч гээд огт хөдөлгөсөнгүй гэнэ. Тэгэхээр нь Балданлхамын өгсөн алхаар толгой руу тонжоод орхитол орой нь цоорчихжээ. Толгойн цоорхойг баруун хөлөөрөө таглан гишгэж орхив гэнэ. Ингэснээр Чойжоо бурхан бухын толгой дээр гишгэж тогтон, Балданлхам бурхан  өвлийн адаг сарын гучин буюу битүүний үдэш тэнгэрт захын од тодрох цагаар инчдэхийн зуур “Замбуулин тив”-д ирж, гуравтаа тойрон орон гэр, айл бүхний дээгүүр эргэн, битүүлэг үйлддэг болжээ.

Иймээс зон олон, эгэл монголчууд битүүний орой сар шинийн баяртаа бэлтгэхийн зэрэгцээ гэрийнхээ тотгон дээр гурван ширхэг “мөс” тавьдаг нь Балданлхамын унаа луусны ундааг бэлддэг ёс өнөөг хүртэл уламжлагдан ирсэн.

“Зуун нэрт, мянган цолт” сахиус: Ийнхүү Балданлхамыг урин дуудаж, айл бүрийн тооноор аз жаргал хайрладаг хэмээн билгэдэн, ирж буй ондоо сайн сайхан байхаа сахиусдаа даатган, баярлуулж чадваас тэр жилдээ аюул зовлонгүй, амар амгалан байх болно гэж сүм дугана, гэр орон, бурхан шүтээндээ Балданлхамын дүрийг бүтээлгэн тахидаг байна. Эгэл жирийн бидний цагаан сараар учирдаг, энгийн хүмүүний дунд “Лхам” нэрээр хоногшсон энэхүү сахиусын Балданлхам (төвд дуудлага: Палдан лхамо) хэмээх нэр  нь монгол хэлэнд хөрвөхдөө “Цогт төгөлдөр охин тэнгэр” гэсэн утгатай бөгөөд санскиртаар Шри дэви (Shri Devi) хэмээн тус тус нэрлэгдэн, 33 тэнгэрийн оронд хурмастын охин Уманди, Түвдэд –Төгс цогт эгч Балдан Алима магжи, Японд – Огторгуйн орны цогт эх, Хятадад – Сайхан хоолойт охин, Монгол оронд – Есөн эгч дүүгийн эрхэм Балданлхам гэж бэлгэшээдгээс “Зуун нэрт, мянган цолт” хэмээн Буддын шашин дэлгэрсэн орнуудад алдаршсан байна.

Буддын шашинд тэрслэгчдийг дарахаар өөрийн лагшингаараа дэнчин тавьж, тангарагтаа хүрсэн, Очирваань, Ямандага, Гомбо махгал, Гонгор, Дамдинчойжоо, Балданлхам, Шалши, Намсрай, Жамсран, Цамба хэмээх арван хангал сахиус бий. Тэдний ес нь эр дүртэй байдаг бол “Цогт төгөлдөр охин тэнгэр” нь ганцаар эм дүрээр оршдог бөгөөд тайван амгалан үедээ үзэсгэлэнт сайхан дара эх “Янжинлхам”-ын дүрд хувиран, шашны тэрсүүтнийг дарах үедээ “Охин” нэрэндээ үл зохицом, ихэд уурлан хилэгнэсэн, аймшиггүй догшин, сүрлэг дайчин дүр төрхөд хувирдаг хүчит рид хувилгаан бурхан юм.

Цогт Охин Тэнгэрийг ертөнцийн ёсыг хатуу зөөлөн дүрээр удирдаж, хамаг амьтныг эх мэт асарч, хүч хайр, зүрх сэтгэлээ зориулж, хүссэн цагт өдрийн гурван харуул, шөнийн гурван манааг илгээж, есөн хүслийг хангадаг бурхадын эх болсон гэж эн тэргүүнд үздэг аж. Нөгөөтэйгүүр хүнийг бүхлээр нь залгигч эм мангас, нүгэлтний хар цэргийг яргалж алсан дайны их жанжин ч гэж үздэг. Ийнхүү Лхам сахиус нь олон төрөлд хувилдаг хүчит рид хувилгаан чадалтай ажээ.

Лхам бурханы дагуул нөхдүүд: Цогт охин тэнгэрийн шашнаа хамгаалах их үйлс нь мөнхийн юм гэсэн санааг давхар илэрхийлж, хар хуй салхин дээр дөрвөн улирлын Охин тэнгэрүүдийг уг бурхантай хамт дүрсэлдэг. Үүнд:

Хаврын Охин тэнгэр нь лагшин хар бараан, баруун мутартаа алтан хадуур, зүүндээ тангараг эвдэгчийн зүрхний цус барьсан, хүний арьсан дээлтэй, шаргал луус хөлөглөсөн, хуй салхи хөдөлгөх зэрэг хаврын үйл үйлдэнэ.

Зуны Охин тэнгэр нь бадмааргийн улаан өнгийн лагшинтай, баруун мутартаа төмөр гох, зүүн мутартаа цусаар дүүргэсэн гавал барьж, усан хивэн өмсгөлтэй, усны үхэр хөлөглөсөн. Зууны охин тэнгэр нь хур бороо, аянга, мөндөр оруулах зэрэг зуны үйл үйлдэнэ.

Намрын Охин тэнгэр алтан өнгөтэй, тогосны өдөн нөмрөгтэй, баруун мутартаа алтан хадуур, зүүн мутартаа дайсны цустай гавал барьж, буга хөлөглөн, үр тарианы шим хайрлан, намрын үйл үйлдэнэ.

Өвлийн үйлийг үйлдэгч өвлийн Охин тэнгэр хар бараан өнгийн лагшинтай, баруун мутартаа шулмасын зурхайн мод, зүүн мутартаа дайсны цустай гавал барьж, хар нөмрөг нөмрөн, хэдрэг хар буур хөлөглөжээ.

Бүтээлийн дүрслэл: Монгол бурханчид XVI-XX зууны үед шашны урлалд хувилгаан лагшинт догшин дүрээр “Есөн эгч дүүгийн эрхэм Балданлхам”-ыг голлон шүтэж, цутгамал, зээгт наамал, танка зураг, шуумал, модон бар, баримал гэх мэт дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээж ирсэн нь тус музейд хадгалагдаж байгаа олон тооны үзмэрээс тод харагддаг. Тэдгээр үзмэрийн нэг болох “Лхамзонхорсүм” хэмээх хосгүй бүтээлийн тухай доор өгүүлэх нь:

Монголд алдартай бурханч зураачид цөөнгүй байсан бөгөөд Их Хүрээнд хуран цугларч уран бүтээлээ туурвицгаан, монгол дэг сургуулийг өөрийн орны өвөрмөц онцлогт уялдуулан хөгжүүлсээр иржээ. Тэдгээрийн дотроос Их Хүрээний Зоогой аймгийн бурханч Хосгомбын бүтээсэн 110х137 см-ийн хэмжээтэй эл зээгт наамлын бүтээл нь 1995 онд засгийн Газрын тогтоолоор хосгүй үнэт бүтээлийн жагсаалтад орсон дүрслэх урлагийн дахин давтагдашгүй бүтээлийн нэг юм.

Хасгомбын бүтээсэн энэхүү бүтээлд Балданлхам сахиусын шарга луусын баруунаа “Матар толгойт”, зүүнээ “Арслан толгойт” хоёр нөхөр, түүний дөрвөн улирлыг даасан дагуулын хамт бүтээлийн төвд зохиомжлон, тэдгээрийн дээр баруун зүүнээ Наманчлалын бурхадын нэг, Гэлүгва ёсыг үндэслэгч Богд Зонхова нарыг залан, үзмэрийн зүүн доодод баруунаа эд баялагийг бэлэглэгч Норжинлхамыг, зүүнээ шүлэг, яруу найраг, дуу хөгжимд төгс, оюун ухааны эзэн Янжинлхам нарыг тус тус дүрслэн, хоргой, торгыг өнгө зохицуулан, алт, мөнгө, шүр, сувд зэрэг есөн эрдэнээр чимэн урласан нь нэгэн харахад тансаг уран зураг мэт, нөгөө харахад сонгодог баримал шиг агаарлаг, тансаг, өнгөлөг, төгс биетлэг харагдан, үзсэн бүхний анхаарлыг өөрийн эрхгүй татдаг энэхүү увидаст зээгт наамлын бүтээлийг зочин та өөрийн мэлмийгээр тольдон, сэтгэлийн баясалыг эдлэе гэвэл манай музейн үүд хаалга байнга дэлгээстэй байх болно.

Г.Лхагвадулам

SECURITY AT MUSEUMS

МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

татах | download

The Trainer’s Manual - Running a Museum: A Practical Handbook

татах | download

Running a Museum: A Practical Handbook

татах | download

ГАМШГИЙН ЭРСДЛИЙН МЕНЕЖМЕНТ БА МУЗЕЙ

DISASTER RISK MANAGEMENT FOR MUSEUMS

татах | download

DOCUMENTATION OF ARTEFACTS’ COLLECTIONS

ЦУГЛУУЛГЫН ЭД ЗҮЙЛСИЙН БАРИМТЖУУЛАЛТ

татах | download

CARE HANDLING OF MANUSCRIPTS

ГАР БИЧМЭЛҮҮДИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ НЬ

татах | download

ХАДГАЛЖ БУЙ ЦУГЛУУЛГАТАЙ ХАРЬЦАХ АЖИЛЛАГАА

татах | download